Улаанбаатар хотын 3-р төрөх газарт мэндэлсэн хотын унаган хүү Сандуйжавын Мөнхбат багадаа Зүүнбаян, Сүхбаатар аймаг, Дорноговь гээд өөрийнх нь хэлснээр "тэнээгүй газар” үгүй. Аав нь цэргийн хүн, дараа нь эгч нарыгаа дагаад ийн "тэнэсээр”олны нэршиж заншсанаар Шувуун фабрикийн 26-р сургуулийг төгсжээ.
Цэргийн албаа хааж, амьдралаа зохион, наймаа хийж, хувийн хэвшилд ажиллаж байгаад 2002 оноос төрийн албанд хөл тавьж, тэр цагаас хойш Сонгинохайран дүүргээс огт холдолгүй ажиллаж ирсэн гэхээр яалт ч үгүй Сонгинохайрханы хүн гэхээс өөр аргагүй.
Тэр тусмаа Дүүргийн төлөөлөгчөөр 12 жил, "Тээвэрлэлт, үйлчилгээний төв” ОНӨҮГ газар буюу хороо, хэсгийн хог, тохижилтыг хариуцсан бидний нэрлэж заншсанаар ТҮК-ийн захирлаар ажилласан болохоор өдөр болгон л хороо хэсгийн жинхэнэ амьдрал дунд буцалж байдаг гэсэн үг. Тэр ч утгаараа түүнийг хорооныхон нь андахгүй, танихгүй хүн ч гэж үгүй. Ингээд түүний ярилцлагыг хүргэж байна.
-Та Сонгинохайрхан дүүрэгт 2002 оноос хойш ажилласан. 3 удаа ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. ОНӨҮГ-ын захирал болохоороо хаана ч явсан хог бөөгнөрчихсөн байх вий гэж хараад л, хороогоо бол жалга судгийг нь ч андахгүй юм аа?
-Би чинь тойрог солиогүй, эндээ л байдаг хүн. Манай 32-р хороо 20-р хорооноос тасалж байгуулагдсан. 2008 онд 18, 19, 20-р хорооноос, дараа нь 2012 онд 20-р хороо салж 32 болоход нь, 2016 онд яг 32-р хорооноосоо нэр дэвшээд ажиллаж байна. Орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн учраас одоо ОНӨҮГ-ын ажлаа түр түдгэлзүүлээд байгаа. Гэхдээ л хаа газар хог байна уу гэж харна аа инээв
Манай тойрог хотоос зайтай болохоор дэд бүтэц, нөхцөл байдал тааруу. Гэхдээ гэрэлтүүлэг, худаг, ус гээд улс болоод нийслэл, орон нутгийн санхүүжилтийн ажлууд хийгдээд явж байна. Гол онцлог ажил гэвэл 640 хүүхдийн сургууль аравдугаар сард ашиглалтанд орохоор бүх бэлтгэл ажлаа хангасан. Манайх сургуульгүй, улсын ганцхан цэцэрлэгтэй байсан, Баруунтуруунд.
-Танай хороонд яг аль газрууд хамаарагддаг юм бэ?
-Эмээлт, Хурганы сангийн аж ахуй, Хүй долоон худгийн наад талын айлууд, Баруунтуруун, 83-ын гарам гээд айлууд нь хол зайтай, тархан байрласан. Арайхийн сургуультай боллоо гэхэд замтай болох, сургуулийн хүүхдийн автобустай болох гээд асуудлууд их. Баруунтурууны хүүхдүүд Хурганы аж ахуйн сургуульд суралцана. Энэ тохиолдолд сургуулийн автобус зайлшгүй шаардлагатай. Ахуй үйлчилгээ банкны үйлчилгээ байхгүй, наад зах нь үсээ засуулчихъя гэхээр орох газар байхгүй. Нэг ёсондоо хотын хөдөө гэж хэлж болох.
Наад зах нь хүүхдийн тоглоомын талбай байдаггүй. Би уриалаад иргэдтэйгээ хамтраад, 2,3 жилийн өмнө Хурганы сангийн аж ахуйд өөрсдийн зардлаар хүүхдийн тоглоомын талбай байгуулсан. Эмээлтэд бас хүүхдийн тоглоомын талбай байгуулсан.
-Хотын захын хороод амьжиргааны нөхцөл тааруу, зорилтот бүлгийн иргэд их байх? Танайд тулгамдаж буй хамгийн гол асуудал.
-Мэдээж зорилтот бүлгийн хүмүүстээ анхаарч ажиллана. Манайх гэхдээ тийм ч яадгаа алдчихсан амьжиргаа муутай газар биш. Мал, аж ахуйтай айлууд байна. Нэг хэсэг шилжилт хөдөлгөөн харьцангуй багатай. Ажилтай, амьжиргаатай хүмүүс, эсвэл тэтгэвэрт гараад агаар сайтай, сэлүүхэн газар амьдрах гэж ирсэн хүмүүс ч бий.
-Танай хорооныхон, иргэд таныг юугаар тань илүү мэддэг вэ?
-Манай хороонд намайг танихгүй хүн бараг байхгүй байх. УИХ-ын сонгуулийн уулзалт, хүүхэд, хөгшчүүлээ хүлээж авах гээд л байнга л үйл ажиллагаа болно, мэдээж би байж л байна. Энэ Мөнхбат шиг хүнийг нийслэлд нэр дэвшүүлмээр байна гэхээр нь би дотроо баярлаж л байлаа.
-Иргэдтэй ажиллаж байгаа дүүрэг, хорооны дарга нар ямар алдаа гаргадаг гэж та боддог вэ? Хүн болгон сайн байж чадахгүй байх?
-Хүмүүс сонгогдчихоод 4 жил урт хугацаа юм шиг явдаг. Тэгээд гэнэт хугацаа нь дуусах дөхчихсөн, гэнэт "Би та нарыг санаад” гээд "үлгэр” ярьдаг. Уг нь бол сонгогдсон л бол маргааш нь буцаад ирэх ёстой шүү дээ. "Та нарын яриад байсан асуудлыг хэлэлцлээ, дүүргийн, орон нутгийн сангийн мөнгөөр тийм ажил хийх боллоо” гээд эргэх холбоотой байх хэрэгтэй. Цэцэг услахгүй бол хатдаг шиг, хүн уулзахгүй бол холддог. Тэгээд ч хүн юу тарина, түүнийгээ эргүүлж хүртэнэ гэдэг биз дээ.
-Таны ойрын таван жилийн төлөвлөгөө юу байна?
-Алслагдсан гэгддэг хороогоо хотын хороо болгох сон гэсэн чин бодолтой, зорилт болгон ажиллаж байна. Манайх хотын хороо гэхэд хэцүү гэж би дээр хэлсэн. Гэхдээ нэг үеийг бодоход том автобустай, тог цахилгаан, гэрэлтүүлэгтэй болчихсон байна. Нэг үе микро автобусанд 28, 29 хүн суугаад л явдаг байлаа. Хотод очоод суудал байхад л хүүхдээ өвөр дээрээ тэврээд бүр рефлекс болчихсон байсан гэж манайхан инээж ярьдаг юм. Одоо сайхан автобустай, өөрсдийнхөө боломжоор автобусны буудал байгуулсан. Бид юм болгон дээр улсын гар харахгүйгээр өөрсдөө хийх гээд үздэг юм.
Аж ахуй нэгжүүдтэй хамтраад ганц нэг автобусны буудал хийлээ. Төвийнхөн аквариум шиг шилэн хоргон дотор зогсоод автобусаа хүлээчихнэ, манайхан хүчтэйхэн салхи гарвал автобусныхаа доор орчих гээд, бороо, шорооноос хамгаалах юмгүй, зовлонтой. Тэгээд гар нийлж ажиллах хүмүүс нь хийе гэсэн сэтгэлээр нэгдээд, аж ахуйн албадуудтай хамтраад, гар доорх материалаараа буудал хийх гээд байгаа юмаараа хийгээд, өөрсдөө болгоод явчихдаг юм.
-Алслагдсан хороогоо хотын хороо шиг болгоход юу хамгийн их шаардлагатай байна?
-Өмнөд Солонгосын хөгжлийн бас нэг нууц нь "Шинэ тосгон” хөдөлгөөн. Би энэхүү хөдөлгөөнийг судлаж, сургалтанд нь суусан. Гол нь иргэд өөрсдөө нэгдээд хамтын хүчээр бүтээн байгуулж чадсан. босгоод авсан байгаа юм. Сайн ажилласан хүмүүст хөрөнгө нэмж өгдөг, муу ажилласан бол тосгоныхоо даргыг сольё гэдэг хөдөлгөөн өрнүүлж байсан. Эндээс улбаалаад би "Мянган төгрөгний хүч” гээд аян зохиосон. Өөрсдөө чадах бүхнээ хийж, цементээ зуураад замаа янзалж, засах гээд олон ажил хийх боломжтой. Улс хэзээ зам тавьж өгнө гэж хүлээж суух билээ. Харамсалтай нь коронагаас болоод жаахан хойшлогдсон. Гэхдээ хэрэгжүүлнэ.
-Дүүрэг, хорооны дарга нартай хамгийн их уялдаж ажилладаг дээд албан тушаалтнаас хэн байна? УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга гээд?
-Төлөөлөгчид гэдэг бол хорооныхоо тулгамдаж байгаа асуудлыг сайн мэдэж, харж, түүнийгээ нийслэл, их хурал гээд дээш нь уламжлаад шат шатаараа ажлаа танилцуулж, хөдөлгөж чаддаг байх ёстой. Дүүргийн хийж байгаа ажилд хяналт тавьж, иргэдийн татварын мөнгөөр хийж байгаа ажилд хяналт тавьж, зохицуулах. Бид чинь бас хоорондоо уралдана.
Манайх 5000 гаруй иргэн, 3000 орчим сонгогчтой. Хүн ам цөөтэй, алслагдсан гэдэг утгаараа орон нутгийн төсвийн хөрөнгийг хүн амд дүйцүүлэх маягтай хуваах гэдэг. Тэгэхээр нь би "Нэгдүгээр хорооллын хэдэн байшингуудын дунд жил болгон тоглоомын талбай хийгээд, жил болгон мод тариад нөгөөдөх нь үхээд байх юм. Болиоч дээ, хотын захаа хөгжүүлье, улсын мөнгийг та нар битгий хэрэгцээгүй юманд үр л дээ” гэж урладаг. Бид тэнд өөрсдөө тоглоомын талбай хийх гээд ядаж байна шүү дээ. Гэхдээ сагсны талбай гэх мэт ганц хоёр асуудал боломжоороо шийдвэрлээд л байгаа юм. Манай энд хөгжил авч ирдэггүй нэг том зовлон бий. Хүмүүс том, том газар хашчихсан, хэдэн га, гагаар нь. Тэгсэн мөртлөө юм хийдэггүй. Яасан ч шуналтай байдаг юм.
-Ашиглахгүй хав дарчихаад байна уу?
-Би үүнтэй тэмцэж байгаа. Залуус гадагшаа боолын хөдөлмөр эрхлэх гээд явж байна, Эмээлт дээр мах шөл аваад, таван цаастай болсон иргэд нь боломжоороо жижиг үйлдвэр барья гэхээр газар байхгүй. Газрын үнэ 100, 200 сая төгрөг. Тэр мөнгөөрөө үйлдвэр барих хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ том том газруудыг авчихаад зарах гээд байгаа нөхдүүдийн газрыг хүчингүй болгоод ажил эрхлэх хүмүүстээ өгөх ёстой.
-Хоёр жил зориулалтын дагуу ашиглаагүй бол цуцална гэдэг биз дээ?
-Тийм. Тэгээд хашаагаа хашаад, төлбөр мөнгөө төлөөд яваад байхаар яаж ч болдоггүй асуудлууд байдаг байх. Гэхдээ бид тэмцсээр өнгөрсөн дөрвөн жил 264 газрын захирамжийг цуцлуулсан. Ахиад ч цуцлуулна гэж бодож байна. Тэгээд жижиглээд энэ залууст жижиг үйлдвэр байгуулах боломжийг нь олгох хэрэгтэй. Үйлдвэрээ барихгүй бол газрыг нь хураана гэсэн нөхцөлтэй. Залуус орлоготой болно, ажлын байр нэмэгдэнэ. Үйлдвэр дагаад цайны газар, дэлгүүр баригдана. Дагаад дүүргийн татварын орлого нэмэгдэнэ. Ингэж байж зах руу хөгжил ирнэ. Тиймээс өөрсдөө юм хийдэггүй, хүнд өгдөггүй газар дарчихаад байдаг нөхдүүдтэй тэмцэх ёстой. Нэг гол тэмцэл хийж байгаа асуудал нь энэ.
-Ингээд бодохоор танайх хөгжих боломжтой хороо юм биш үү?
-Уг нь тийм. Эндээс мөнгө хаягдаад байгаа байхгүй юу. Мөнгө гэдэг хүний хажуугаар байнга урсаж байдаг зүйл. Гараа хөдөлгөөд авч чадна уу, халаасандаа хийнэ үү хувь хүний л оюун ухаантай холбоотой асуудал. Эмээлт бол мөнгө урсаж л байх ёстой газар.
-Та төрийн албан хаагч хүний хувьд өөрийгөө хэр төлөвшсөн гэж бодож байна? Танд байдаг давуу талаас гурвыг нэрлэвэл?
-Надад туршлага бий гэж боддог. Улсад 16 жил удирдах ажил хийсэн байна. Хүнтэй харьцах, хаана очоод ямар хурал дээр ороод, тойрогтоо ашигтай ямар ТББ-тай уулзаад, Хувь хүний хувьд хэлсэндээ хүрдэг, амласан л бол амласан, эр хүний амнаас авиа гарсан л бол түүндээ хүрдэг байх ёстой гэсэн зарчимтай. Сайн, муу, сайхан муухай олон хүнтэй нөхөрлөж байсан болохоор тэр байх. Гуравдугаарт, би аав ээжийн хайранд өссөн болохоор надад хүнийг хайрлах сэтгэл байдаг. Хүн болгонтой жигд сайхан ханддаг болохоор хүмүүст таалагддаг байх. Худлаа ярихгүй, бултаад явчихгүй, амласнаа хийгээд явчихдаг болохоор хүмүүстэй эргэж уулзах нүүртэй байдаг. Ийм л зарчимтай хүн дээ.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
Infomongol.mn